[go: up one dir, main page]

Jump to content

Сайгоо Широо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сайгоо Широо

Сайгоо Широо (1866 он 3 сар 20 - 1922 оны 12 сар 22) нь Мейжи эрингийн коодоокан жүдогийн мастеруудын нэг бөгөөд Коодоокангийн 4 эзэнгийн нэг. Зохиолч Томита Цүнэогийн "Сүгата Саншироо" хэмээх зохолын гол дүрийн баатар юм.


Айзү хан аймгийн самурай Шида Тэйжироогийн 3 дахь хүү болон Вакамацүд мэндлэсэн байна. 3 настай байхад нь Бошингийн дайн эхэлж Цүгава (одоогийн Нийгата мужийн Ага хот) руу шилжин сууришсан байна. 16 настайдаа Айзү хан аймгийн эзэн Сайгоо Таномогийн өргөмөл хүү болсон.

Сайгоо Таномо нь Такеда Соокакүд Дайтоорюү Айки (Айкидогийн үндэс болсон хэмээгдэх) хэмээх жүжицүгийн тулааны урлагийг зааж байсан гэгддэг ба Таномогийн өргөмөл хүү болох Сайгоо ч бас Дайтоорюүд суралцаж байсан гэх боломж бий.

1882 онд нийслэлд ирж тэр үед Хээрийн цэргийн офицерийн сургуулийн бэлтгэл сургууль болох Сейжоод элсэн орж Тэнжиншинёо урсгалын Иноүэ Кэйтароогийн дэвжээнд суралцаж байхдаа ижилхэн Тэнжиншинёо жүжицүгээс гаралтай Каноо Жигороод уруу татагдан коодооканд элссэн байна.

1886 онд Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд бүх тулааны урлагууыг ялж аврага болсноор Коодоокан жүдо нь цагдаагийн албан ёсны хичээлүүдийн нэг болж, одоогийн жүдо хөгжихөд эхлэл цэг нь болсон. Энэ тэмцээнд Сайгоо нь Тоцүкагийн Ёошинрюү урсгалын Ёшимичи Энтароог ялан аврага болсноор үнэтэй хувь нэмэр оруулсан.

Сайгоогийн хамгийн сайн хийдэг мэх нь "Яма Араши - Уулын салхи" ба багаасаа хийж ирсэн ажлын нөлөөгөөр хөл нь "Наймаалжан хөл" шиг болсон байсан ба түүнийгээ ашигласан мэх юм. Түүнээс өөр хийдэг хүн байхгүй байсан байна. Гэвч 1920 онд энэхүү мэх нь аюултай мэх хэмээгдэх хэрэглэхийг хориглосон байна.

1889 онд Каноо Жигороо нь гадаад руу ажиглалтаар явах үедээ Коодоокангийн багшаар үлдээсэн ч, 1890 онд 『支那渡航意見書』 үлдээн коодоокангаас гарсан байна. Эртний танил Мияги Тоотэнтэй хамт эх оронч үзэлдээ хөтлөгдөн хувьсгалч хөдөлгөөнүүдэд оролцох болсон байна. 1902 онд Орос-Японы дайн болон Цинхайн хувьгалын үеэр Сүзүки Тэнгантай хамтран "Тооёо Хинодэ Шимбүн" (Дорнын мандах нар) хэмээх сонины газар байгуулж редакторын ажлыг хийж байсан байна. Нагасакид сонины газрын эрхлэгчийн ажлыг хийхийн хажуугаар жүдогийн хичээл ч мөн зааж байжээ. Мөн Сүзүки Тэнгантай хамтран Нагасакигийн Усанд сэлэлтийн холбоог байгуулж, уг холбооны дасгалжуулагч хийн "Японы сэлэлтийн арга барил"-г боловсруулахад оролцсон байна.

1922 онд өвчнөө эмчлүүлэхээр оршин сууж байсан Хирошима мужийн Ономичи хотод ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.Түүнийг нас барсных нь дараа коодоокангаас жүдогийн 6-р данг нэхэн олгосон.

Орчин үед жижигхэн биетэй сайн жүдочинг "...-н Саншироо" гэж нэрлэдэг нь Сайгоо Широог модел болгон бичсэн "Сүгата Саншироо" хэмээх зохиолын нөлөө юм.

1923 онд Каноо Жигороо Сайгоогийн хөшөөн дээр "Коодоокан жүдог үндэслэхэд туслан, хамт судалж байсан бөгөөд үндсэн мэх болох шидэх мэхийг түүн шиг сайн хийдэг хүн одоо болтол олон мянган дэвжээний алинаас нь ч төрөөгүй. Хүнд өвчнөөр шаналсны эцэст нөгөө ертөнцөд одсоныг нь дуулаад харамсаад ч баршгүй, түүнд 6-р даныг нөхөн олгож, ур чадварыг нь үнэлсүгэй" хэмээн сийлсэн байдаг.